Subscribe:
Хүсэл мөрөөдөл байхад Хүршгүй оргил гэж үгүй!
Би амьдралаа математик, физикгүйгээр төсөөлж байгаагүй

Аймгийн тэргүүний шилдэг сурагчаар шалгарч олон, олон шилдэг амжилтаараа оюунаа баясгаж, эрдмээр биеэ чимсэн Тэмүүжин Цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч О.Гүрбазартай ярилцлаа.
- Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? 
Намайг Оюунбилэгийн Гүрбазар гэдэг. Тэмүүжин Цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийг энэ жил төгсөж байна. Бага ангидаа Өсвөрийн зохион бүтээгчдийн дунд сургуульд суралцаж байгаад, дөрөвдүгээр ангиасаа Тэмүүжин Цогцолбор сургуульд элсэн суралцсан.
-Хэн багшийн ангид суралцаж байв, Багш нараа эргэн санавал ?
Оюунчимэг багшийн ангид байсан. Намайг бага ангид суралцаж байхад Лхагвахатан, Балжинням, Наранчимэг гээд дөрвөн багш солигдож байсан шүү. Харин зургаадугаар ангиас эхлээд Хонгорзул гэдэг  Англи хэлний багш дааж авсан юм. Энэ багшийнхаа удирдлаганд 11 дүгээр ангиа төгсөж байна. Манай анги математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги л даа.
-Суралцах хугацаандаа ямар амжилтуудаар багш болон сургуулийнхаа алдрыг өргөснөө дурсвал сонин байх?.

Амжилтуудынхаа томоохноос нь дурьдвал, улсын төрөлжсөн математикийн олимпиадад долоодугаар ангиасаа хойш дөрвөн жил түрүүлсэн. Энэ жил аймагтаа Физикээр алт, мөн Зүүн бүсийн физикийн олимпиадад алт, математикийн төрөлд мөнгөн медаль авсан. Олон улсын математикийн “KANGAROO-2011” уралдаанаас алтан медаль. Тэгээд физикийн улсын олимпиадад долоодугаар байранд орсон зэрэг амжилтуудыг гаргаж  байсан.
-Гүнзгийрүүлсэн сургалттай ангид суралцахад сонирхолтой болон хүндрэлтэй асуудлууд гардаг болов уу?
Би гуравдугаар ангиасаа математик сонирхож эхэлсэн. Тэр үед зарим нэг хүндрэл бэрхшээл тулгардаг байлаа. Гэхдээ хичээл заадаг багш нар маань бүгд сайн байсан болохоор тийм хэцүү байсангүй. Тухайн үед нь багшаасаа асуугаад тоогоо бодоод ойлгочихдог. Ер нь тоо бодох их сонирхолтой. Яагаад ч юм би хэдэн цагаар ч хамаагүй тоо бодоод суух дуртай. Тоо бодох тусам хүний оюуныг задалж ой ухааныг хөгжүүлдэг гэдэг утгаар нь авч үзвэл маш сонирхолтой хичээл гэж боддог.
Тэгвэл чи шимтэн, шимтэн тоо боддог юм байна. Иймээс суралцаж байгаа дүү нартаа тоо бодохын сайхныг “хорхой” хүргэм яриач?
Ямар нэгэн бодлогыг бусад нь бодож чадаагүй буюу олуулаа оролдоод ч бараагүй бодлогыг ангидаа, эсвэл гэртээ сууж байгаад бодоод олчихвол маш их хөөрдөг. Тэгээд нөгөө хүүхдүүддээ тайлбарлаж өгдөг. Тэр л маш гоё санагддаг. Зарим багш нар маань ч ярилцаад бодож чадаагүй бодлогын хариуг олох л миний хувьд хамгийн сонирхолтой доо.
Ирээдүйд ямар мэргэжилтэй боловсон хүчин болохыг хүсэж байна. Цаашдаа ямар чиглэлээр сонгон суралцах вэ?.
Би математик, физик дээрээ суурилаад явна гэж бодож байгаа. Тэгээд инженер ч юм уу, математикийн төрлөөр ирсэн хуваариудыг харж байгаад сонголтоо хийнэ гэсэн бодолтой байна. Ирээдүйн амьдралаа математик, физикгүйгээр төсөөлж байгаагүй мөн мартаж чадахгүй байх.
Аав ээжийнхээ тухайд болон хайртай хүмүүсийнхээ талаар яривал…?
Миний аавыг Оюунбилэг, ээжийг Оюунцэцэг гэдэг. Ам бүл дөрвүүлээ. Миний дүүг Гүррагчаа гэдэг, мөн Тэмүүжин цогцолбор сургуульд сурдаг. Би аав ээж, өвөөгөөрөө бахархдаг. Дүүдээ болон өвөөдөө хамгаас хайртай. Миний өвөөг Мягмаржав гэдэг.  Залуудаа цэргийн хүн байсан. Надад багаас минь зааж сургаж, алтан захиасаа харамгүй хайрлаж ирсэн ач буянтай хүн. Миний өдий зэрэгтэй амжилттай суралцсан маань өвөөтэй минь салшгүй холбоотой. Тийм болохоор өвөөдөө үргэлж баярлаж явдаг.
-Одоо чи даль жигүүр ургаад эрдмийн хязгааргүй их оргил өөд нисэх гэж байна. Аливаа бүхнээ хуваалцан, та нарыг залж чиглүүлж явсан багш нартаа сэтгэлийн үгээ хүргэх байх?
Мэдээж тэгэлгүй яахав. Сургуулийнхаа багш нарыг маш чадварлаг хүмүүс гэж би хувьдаа боддог. Ялангуяа манай математикийн багш Өлзийхутаг, физикийн багш Ганцогт, мөн бусад бүх багш нар хичээлийг маш ойлгомжтой заадаг. Иймээс  багш нартаа баярлалаа гэж хэлье. Мөн аймгийн засаг даргад баярлалаа гэж хэлмээр байна. Шинэ оны босгон дээр миний суралцах явцдаа гаргасан амжилтуудыг үнэлээд намайг аймгийн тэргүүний шилдэг сурагчаар шалгаруулсан явдал надад өөр олон амжилтыг дагуулж ирсэн. Мөн надад цаашид хүссэн сургуульдаа элсэн суралцах урам зориг өгсөн. Би цаашдаа эрдэм номд суралцаад нутаг орноосоо хол явах болно. Гэхдээ сэтгэл дотроо бол энэ сайхан нутаг усаа хэзээ ч мартахгүй тээж явнаа. Ирээдүйд нутаг орондоо ихийг бүтээсэн сайн хүн болно гэж боддог доо.
Баярлалаа. Чамд сурлагын өндөр амжилт хүсье.
Баярлалаа
Ярилцсан Ш.Одонтуяа
Линк: http://www.khentii.com/?p=2700

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Та сэтгэгдэл бичихдээ Name/URL хэсгийг сонгож бичвэл амар байх болно

: