Subscribe:
Хүсэл мөрөөдөл байхад Хүршгүй оргил гэж үгүй!
Уран зохиол дээр хэд хэдэн шүлэг олоод цээжлээрэй гэсэн шүлэгнүүдийг нь орууллаа...


Р. Чойном : Хүн танаа

Бор зүрхний минь алтан ураг болж
Бодлын хүйгээр холбоотой төрөх
Надаас хойчийн хүн танаа
Найрагчийн эрхээр хэлэх үг байна.

Амьдрах өдрүүд чинь ямар байхыг
Алсаас би зөгнөж чадахгүй ч
Эгэл шүлэгчийн амссан зовлонгоос
Эрхбиш хагас нь үлдэж магадгүй.


Насандаа миний үзээгүй жаргалаар
Наадан тоглох азтай ч гэлээ
Улиг болсон өнөөх л гачигдал
Улан доороос чинь ургаж мэднэ.

Гэрэл байваас, сүүдэр байдгийн хуулиар
Гэнэхэн жаргавал зовж болдог дуулиар
Гэр бүл хийгээд сэтгэлийн уйтгар
Гэтлэх аргагүй тулгарч ч мэднэ.

Атрын цэцэг мэт идэр насанд
Алтан зөгий мэт сархданд хөлчөөд
Анхны уналтыг гэтлэхэд бэрх
Аймшигт өдөр ч ирж мэднэ.

Сартай нартай энэ хорвоо дээр
Сармагчин биш хүн гэгдэж явахад
Санаа зүүдэнд ч багтаа нь үгүй
Сайн саар учрал алийг тэр гэх вэ!

Хойчийн хүн чи тэр бүхэнд
Хотойлгүй бат зогсоорой!
Дайсны довтолгоог өнгөрөөсөн цайз шиг
Дархан баатар, чийрэг байгаарай,

Хоёр байтугай хорин хөлтэй байлаа ч,
Хорвоод хүн бүдрэх үө байдаг юм!
Хойно нь хичээвэл далавчгүй ч гэлээ
Холхи өндөрт нисэх өдөр байдаг юм!

Уйлан хайлан хагацах өдөр байхад
Уяран баясан учрах өдөр байдаг юм
Өнчин ганцаараа бүртийх өдөр байхад
Өнөр олуулаа бүжиглэх өдөр бас бий!

Ойр хавийнхандаа хараалгах өдөр байхад
Орчлон даяар өрөөлгөх өдөр ирдэг юм!
Ор дэрэнд ёолон хэвтэх өдөр байхад
Олны манлайд дуулан алхах өдөр бас бий!

Буу тулгуулаад, бор гэрээ нэгжүүлээд
Буруут болон туугдаж гарах өдөр байхад
Залагдаж ирэх харь орны элчин мэт
Засгийн тэргээр хүргүүлж ирэх өдөр бий!

Энэ учраас дүү минь, хүү минь чи
Элдэвт бат, ажиршгүй зогсох хэрэгтэй.
Бүдэрвэл босож алдвал онож
Бүрэн төгс ялж явах хэрэгтэй!

Харин, хэний хүү хэн ч, төрсөн нэг өдөр байхад
Хариуд нь хэзээ хаа боловч үхэх нэгэн өдөр зайлшгүй!
Yүний учир, надаас хойших Хүн та
Yр бүтээлтэй, зөв жаргаж амьдраарай!
  
Р. Чойном: Залуу нас

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!


Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь,
Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
Үрж явсан залуу нас минь.

Зуны шөнийн нойрыг тоолгүй
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг, тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.

Өвлийн есийн жаврыг тоолгүй
Өөр хүний авгайд сэтгэп хаяж
Өрхний үзүүр шиг дэрвэж явсан
Өлчирхөн тэнэг залуу нас минь.

Даанч чи минь удсангүй...
Даавуу хүрэм, савхин бээлий хоёр шигээ,
Дассан салсан годон гэзэгтүүд шигээ
Дардан зам дээр үлджээ — залуу нас минь!

Улаанбаатарын чулуун засмалаар
Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зүүн тийшээ
Дотоод үйлдвэрийн хүнд шаахайг
Долоохон хоногт точийлдож явахдаа

Хүний сайн мууг зүүдлээ ч үгүй
Хүүхэд шиг өссөн залуу нас минь.
Хүүхний сайхныг таниа нь үгүй
Хүүрзгэнэ шиг ниссэн залуу нас минь.

Ангарайтсан нөхөдтэй, үдшийн цагаар
Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь
Айлын чийдэн хага чулуудаад
Авирлаж явсан залуу нас минь.

Аавын хүүгийн, шүр шиг хацрыг
Алгадаж явсан залуу нас минь,
Адилхан нөхдийнхөө хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь.

Үзсэнээ мартаж, дуулснаа тогтоохгүй
Үүрдийн юм шиг дургиж явахдаа
Үймээнт хорвоогоос, дахиад олдошгүй
Үнэнч ханийнхаа дэргэдүүр өнгөрч

Хоног төдий зуурдхан ханилах
Хотын хүүхний өнгөнд хууртаж,
Ариухан цусаа түүний төлөө
Асгаж явсан залуу нас минь.

Оюутан ахуйн дэврүүн шүлгийн
Онгод цадигаар бялхаж явахдаа
Орчлон хорвоогийн нарийн учрыг
Олчихлоо хэмээн төөрч явсан

Ариунаас ариухан залуу нас минь
Арваадхан жилийн ханилгаатай байжээ.
Халуунаас халуун залуухан цаг минь
Хаврын үер шиг хугацаатай юм санжээ.

Аяа хөөрхий, хүний залуу нас гэж
Авч ч болдоггүй, өгч ч болдоггүй
Хэлгүй байгалийн дуугүй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юм уу даа.

Бусдын лангуунд энэхуу шагналаа
Бутархай мөнгө шиг тарааж хаясаар
Хүйтэн хорвоод нэг мэдэхнээ
Хүмүүний үр нүцгэрдэг байна.

Сайн ханиас хагацсан хойноо
Санан санан гунихардаг шиг
Болоод өнгөрсөн хойно, залуу насаа
Бодон бодон харуусдаг байна.

Баяртай, залуу зандан нас минь,
Барилдсан гэж бодвол, би ойчжээ.
Уралдсан гэж үзвэл, би хоцорчээ
Арилжаа наймаа хийсэн юм санж гэвэл харин
Атархан биеийнхээ эрүүл мэндийг егч
Алдар, шүлэг хоёрыг чинь авчээ!

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину! Баяртай!

Ч.Чимид: Өрнө дорно хоёр

Дорно л гэнэ
Өрнө л гэнэ
Өрнө биш дорно л гэнэ
Дорно биш өрнө л гэнэ

Хатан дэлхийг
Хаа гуяар нь салгаж байгаа юм шиг
Хаагуур нь
Салгаад
Ялгаад байгаа юм бол? Хотол түмнийг
Хонь хурга ялгаж байгаа юм шиг
Юугаар нь
Зааглаад
Заазлаад байгаа юм бол?

Урал Кавказаар
Ус далайгаар
Салгаад байгаа юм уу?
Хар цагаанаар
Шар улаанаар
Ялгаад байгаа юм уу?
Зүг чигээр
Зүүн баруунаараа
Арьсны өнгөөр
Амны зоргоор
Алтан дэлхийг
Айл хунартай нь
Ард түмэнтэй нь
Ялгаж
Салгаж
Яах гэсэн юм бол?
Бүү мэд!

Үнэнийг хэлэхэд
Ази, Европ ч гэж бий
Америк, Австрали ч бий
Африк, Антарктид ч бий
Улс гүрний хил ч бий
Улаан цагаан арьстан ч бий

Гэвч
Бөмбөрцөг хэрсэн шугам
Бүсэлхий дарсан эквадор
Зургаан тивийн зааг
Зулайн үсний өнгө
Аль нь ч
Улс түмнийг ялгах
Уг үндсээр нь салгах
Чиг замы нь хоёрдуулах
Чин хүслий нь холдуулах
Ёсгүй

Суусан нутгаар
Сурсан хэлээр
Хүн төрөлхтөн
Адилгүй ч
Нар гарах цагаар
Сар гарах чигээр
Хүж дэлхий
Ижилгүй ч
Элст Мисрийн пирамид хөшөө
Эрт Грекийн соёл урлаг
Дорнын гүн ухаан
Өрнийн шалгадаг ухаан
Угсаатан бүрийн нөр хичээл
Үндэстэн бүрийн нэр бүтээл
Цөм бүрэлдэн

Хам хуралдан
Хүн төрөлхтний
Өнийн замнал билээ
Өвийн уламжлал билээ
Урлал, дурлал нь билээ
Ажил амьдрал нь билээ

Өрнийнх ч гэсэн хүн
Дорных ч гэсэн хүн
Хар арьстай нь ч хүн
Шар цагаан нь ч хүн

Хүн ингээд
Төрх төрлөөрөө
Байр байдлаараа
Төсөөтэй гэвч
Гартаа байгаа зэвсэг багажаар
Урдаа байгаа хэрэг зорилгоор
Номлосон суртлаараа
Ноёлсон сууриараа
Хийдэг тэмцлээрээ
Гийдэг бүтээлээрээ
Ана мана
Ач тач
Ялгагдсаар
Салгагдсаар иржээ

Уудам дэлхий
Улс гүрэн
Тэр ч байтугай
Улс дундуур
Бүр цаашилбал
Айл гэр
Ах дүүгийн хоорондуур
Үзлийн ялгаа
Сүжгийн ялгаа
Ангийн ялгаа
Ангилан зурайж байна

Өрнө дорно гэж
Эсрэг тэсрэг
Ойлголт байхгүй
Өнгөлзөх дайсан
Тонголзох нөхөр гэж
Ялгаа бий

Улаан цагаан гэж
Арьсны харш
Өнгө байхгүй
Улаантан, цагаантан гэж
Ангийн харш
Ялгаа бий

Миний дорно
Чиний өрнө гэж
Ойлголт байхгүй
Миний коммунизм
Чиний капитализм гэж
Зааг бий

Тэгээд ч бид
Дорно гэж огсойдоггүй
Өрнө гэж огоордоггүй

Тивээр бид ярьдаггүй
Эвээр бид ярьдаг
Ижил зүсээр ялгадаггүй
Үзэл санаагаар ялгадаг

1 Сэтгэгдэл:

11a said...

pooooo tseejleel bjde

Post a Comment

Та сэтгэгдэл бичихдээ Name/URL хэсгийг сонгож бичвэл амар байх болно

: